2021 оны 10-р сарын 29
Урьдчилан сэргийлэх

Цаг агаарын сэрэмжлүүлэг

2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Архангай, Баянхонгор, Говь-Сүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий, Хөвсгөл аймгийн нутгаар цас орж, салхины хурд, 18-20 м/с, түр зуур 26 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Нөхцөл байдал:  2021 оны 04-р сарын 14-ний 20 цагаас 04-р сарын 15-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ

ЭРДЭНЭТ ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Маргааш өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10 м/сек. Хур тунадас орох үеэр салхи ширүүснэ. Шөнөдөө -7 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаан байна.

ЖАРГАЛАНТ СУМ ОРЧМООР : Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Маргааш өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10 м/сек. Хур тунадас орох үеэр салхи ширүүснэ. Шөнөдөө -8 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаан байна.

2021 оны 04 сарын 15-аас 04 сарын 20-ыг хүртэлх 5 хоногийн урьдчилсан мэдээ

15-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэвчлэн баруун хойноос 5-10 м/сек. Хур тунадас орох үеэр салхи ширүүснэ. Хугацааны эхээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1- 5 градус дулаан, 17-оос дулаарч шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ИЙМД:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлгийг дагах

-Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;

-Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл, бэлэн байдлаа хангах;           

-Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн үйлдэх;

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх сэрэмжлүүлгийг Орхон аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.