2025 оны 01-р сарын 01
ШУЗМ Тасаг

ХОЙД БҮСИЙН ТӨВ ОРХОН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ  ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЛЭХ ТӨВИЙН НЭЭЛТ

ХОЙД БҮСИЙН ТӨВ ОРХОН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ  ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

2017.09.21                                                                                                          Эрдэнэт

 Тус газар нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор  хойд бүсийн төв болон ажиллах болсон. Энэхүү бүсэд Архангай, Булган, Дархан, Сэлэнгэ, Орхон, Төв, Хөвсгөл зэрэг 7 аймаг багтаж байна. Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газарт шуурхай удирдлага, Зарлан мэдээллийн төв сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг бүрэн хийж, Онцгой байдлын ерөнхий газар болон бүсийн хэмжээнд ажиллахаар 2017 оны 09 дүгээр сарын 21нд албан ёсны нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд Хойд бүсийн төв Орхон аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Г.Ганбаатар, хотын захирагчын албаны дарга М.Түмэнжаргал тэргүүтэй ОБГ-ын даргын зөвлөлийн гишүүд, болон Онцгой байдлын ерөнхий газар,  бүсүүдийн төв болох Дорнод, Ховд, Өмнөговь,  аймгуудтай онлайнаар шууд холбогдож, хамтран ажилладаг байгууллага, хамт олны төлөөллүүд оролцсон юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ “Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийг төвийг 2013 онд байгуулснаас хойш тасралтгүй шинэчлэл, сайжруулалт, өргөтгөл хийсний үр дүнд одоогийн Үндэсний болон бүсийн төвүүдийг байгуулаад байна. Бүсийн төвүүд бүрэн хэмжээгээр төхөөрөмжлөгдөхөд гамшгийн үеийн шуурхай удирдлага, зохицуулалт, зарлан мэдээлэх үйл ажиллагааг богино хугацаанд шуурхай авч хэрэгжүүлэх техникийн бүрэн боломж бүрдэнэ. Цаашид бид технологийн өндөр хөгжилтэй улс орнуудын үндэсний болон бүсийн хэмжээнд гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээлэх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байгаатай эн зэрэгцэн хөгжих ёстой” хэмээн онцолсон юм.

Энэ  үеэр Дорнод, Өмнөговь, Ховд аймагт байгуулсан бүсийн шуурхай, удирдлага, зарлан мэдээлэх төвүүд нээлтээ нэгэн зэрэг хийж, шууд дамжуулалтаар тус аймгийн Засаг дарга нар мэндчилгээ хүргэлээ. Мөн Онцгой байдлын албаны бүсийн төвүүдийн дарга нар цаг үеийн нөхцөл байдлын талаар илтгэв.

Зэвсэгт хүчний жанжин штаб, Эрүүл мэндийн яам, Хил хамгаалах ерөнхий газрын шуурхай удирдлагын төвүүд шууд холбогдож, цаашид тусгай чиг үүргийн байгууллагууд, зарим төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдсэн холболтод орж, харилцан мэдээлэл солилцоход техникийн бүрэн боломжтой болсныг үзүүллээ.