Орхон аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги нь анх БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй байгуулсан гэрээний дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын 1978.6.01-ний өдрийн 296 дугаар тушаалаар “Военизированная пожарная охрана” буюу “Цэрэгжсэн гал бригад” нэртэйгээр анх 1978 оны 12-р сарын 01-ний өдөр анх байгуулагдаж анхны даргаар нь ахлах дэслэгч О.Жадамбаа томилогдон салааны захирагч, дуудлага хүлээн авагч, гал унтраах автомашины жолооч, гал сөнөөгч зэрэг 26 хүний бүрэлдэхүүнтэй, ПМЗ-63 а, ЗИЛ-130 ПНУ-40 гал унтраах үндсэн албаны 3 автомашин, 4 автомашины граж бүхий 70 м2 угсармал нэг давхар контор, сургалтын цамхаг, сургалтын полигон, төв бойлер, бохир ус цэвэршүүлэх станц зэрэг үндсэн хөрөнгөтэй, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн цех хэсгүүдийг галын аюулгүй байдлыг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үндсэн үүрэгтэйгээр байгуулагдсан.
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 1 дүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын алба байгуулагдсанаар албаны чиг үүрэг өөрчлөгдөн гал түймэр унтраах, аврах анги болж өргөжсөн.
Мөн 2016 онд шинэчлэн найруулагдсан Зэвсэгт хүчний тухай хуулийн дагуу тус алба нь Зэвсэгт хүчний жанжин штабын харъяанд шилжиж цэргийн дүрэм, норм, нормативаар ажиллах болсон.
Бидний эрхэм зорилго: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний эд хөрөнгө, хүрээлэн буй орчинг болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны оролцоог хангах, хүч хэрэгслийн чадавхийг нэмэгдүүлэх замаар ажилтан, албан хаагчдын аюулгүй амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн процессын тогтвортой аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ.
Үйл ажиллагааны чиглэл:
- Гамшгаас хамгаалах хууль, эрхзүй, бодлогын баримт бичгийг мөрдүүлэх, гал түймрийн аюулгүй байдлыг хангах, хяналтыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, гал түймэртэй тэмцэх ажиллагааг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангаж, гал түймрийн аюулаас сэргийлэх.
- Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааг дээшлүүлж, ажилтан албан хаагчдад аюулгүй амьдрах ухааны соёлыг төлөвшүүлж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бүх түвшинд нэмэгдүүлэх.
- Албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, хүч хэрэгслийг чадавхижуулах, эрсдэл эмзэг байдлыг бууруулах замаар гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний аюулыг бууруулах, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадвахийг бэхжүүлэх.
- Алба хаагчдын чадамжийг бэхжүүлэх.
Түүхт хугацаандаа бид бүхэн дараах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулан олон нийтэд сурталчилан таниулан ажиллалаа. Үүнд:
- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний цех хэсгүүдийн гамшгаас хамгаалах бүлгэмийг хамруулан, гамшгаас хамгаалах ур чадвар олгох зорилго бүхий “Алтан бамбай” тэмцээнийг 2006 оноос эхлэн зохион байгуулан ажиллаж байна. Тэмцээнийг анх тус ангийн санаачлагаар үйлдвэрийн залуучуудын холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулан ажиллаж байсан бол, одоо “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэстэй хамтран зохион байгуулан ажилласаар 10 жил болж байна.
- Онцгой байдлыг албаар эх оронч үзлийг сурталчилах зорилго бүхий яруу найргийн “Соёмбо” тэмцээнийг 2014 оноос эхлэн зохион байгуулан ажиллаж байна.
- Алба хаагчдын ажил мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор Орхон аймгийн Онцгой байдлын газрын салаадуудын дунд зохион байгуулдаг “Тулах цэг” тэмцээнийг 2015 оноос эхлэн зохион байгуулан ажиллаж байна.
- Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч байгуулагдсаны өдрийг тохиолдуулан нийгмийн сайн сайхныг дэмжих сайн үйлсийн “Хариу нэхээгүй тус” аяныг 2016 оноос эхлэн зохион байгуулан ажиллаж байна.
Гэрээт гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги нь :
- 1983 онд цэргийн гавъяаны улаан тугийн одонт гал унтраах анги,
- 1997 оны тэргүүний гал унтраах анги,
- 2012 оны цэргийн алдар алтан медальт анги,
- Тус ангиас гал унтраах техникийн олон төрөлтөд спортын анхны ууган мастер олон улсын хэмжээний мастер бэлтгэл хошууч Б.Дашзэвэг, олон улсын хэмжээний мастер, ахлах ахлагч Ж.Болдбаатар, олон улсын хэмжээний мастер, ахлах ахлагч Г.Наранхүү, олон улсын хэмжээний мастер Г.Баттөгс нар төрөн гарч, тус анги нь гал унтраах техникийн олон төрөлт спортын төрлөөр нийт 14 спортын мастерыг төрүүлэн гаргасан байна. Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аваргаас 1993, 2006, 2018 онуудад хүрэл медаль хүртсэн.
- Тус ангиас ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, Налайх дүүргийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баттөгс, Булган аймгийн онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Баасандорж зэрэг салбартаа тэргүүлэгч нар төрөн гарсан.
- Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн анхны ангийн захирагч, дэд хурандаа О.Жадамба нь аймгийн арслан, удаах ангийн захирагч, хурандаа С.Мөнхбат нь сумын арслан, тус ангийг 2015-2016 онд удирдаж байсан ангийн захирагч, хошууч Н.Баясгалан нь Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч, тус ангийг 2017 оноос эхлэн удирдан ажиллаж буй ангийн захирагч, ахмад А.Отгонбаяр нь 2018 оны powerlift-ийн ази тивийн аварга гэх мэт бахдам сайхан амжилттай удирдлага бүхий хамт олон.
- Мөн тус ангиас “Монгол улсын тэргүүний уран сайханч” О.Түмэн-Өлзий, Г.Одгэрэл, “Соёлын тэргүүний ажилтан” анхны дуудлага хүлээн авагч Б.Тоохүү, гал сөнөөгч, ахлагч Ж.Эрдэнэбаяр, гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Даваасүрэн, ТВ-9 телевизээс орон даяар зохион байгуулсан цэргийн дууны “Үл тасрах аялгуу” реалити шоуны дэд байрын шагналт, ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Цэрэндаш, “Соёлын алдар алтан медаль”-т салааны захирагчийн туслах ахлах ахлагч Д.Даваадорж нар төрөн гарсан.
- Түүнчлэн тус ангиас “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”-т 3 албан хаагч, “Алтан гадас”-т 1 алба хаагч, “Байлдааны гавъяаны одон”-т 2 албан хаагч, “Цэргийн хүндэт тэмдэг”-т 14 алба хаагч, “Хөдөлмөрийн хүндэт тэмдэг”-т 1 ажилтан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний “Хөдөлмөрийн аварга” 3 тус тус төрөн гарсан бахдам амжилтаар бид бүхэн ажиллаж байна.